Нэг муу шүд нь анх удаа айхтар өвдөөд, шүдний өвчинтэйгээ нүүр тулахдаа шүд болон амьдралын тухай бичсэн богино тэмдэглэл
Шүдний эмч гэхээр л тухгүй болоод, үхтэлээ айдаг хүн би байна. Үнэн хэрэгтээ тэсэхийн аргагүй өвдөх үед өнөөх шүднийхээ эмч дээрээ л очдог юм байна лээ. Яг л үүнтэй ижил бид хэдий үнэнээс зугтдаг ч эргээд л үнэнтэй нүүр тулдаг юм. Иймд үнэнтэйгээ байнга нүүр тулаад байвал бид өвдөхгүй юм байна гэдгийг бодож сууна.
Шүдний өвдөлт их муухай, заримдаа тэсэхийн аргагүй өвдөнө, эсвэл дуншаад сүүлдээ бүр шөнө унтуулахгүй. Амьдралд шөнө унтахгүй хөрвөөх олон шөнө байна. Бие өвдөх үед АНТИБИОТИК /энэ завшааныг ашиглаад эмч Гозио-д талархал илэрхийлье/-г уугаад өвдөлтөө бол хэсэгтээ аргалаж чадаж байна. Харин сэтгэл өвдөх үед уух эм байхгүй нь харамсалтай л юм. Өнөөх шүдний эмчээсээ айгаад, шүдээ хэсэгтээ л аргалаж явлаа.Гэтэл бүр шүдээ авхуулах хүртэл явсан гэхээр бас их удаан тэссэн байгаа юм. Амьдрал яг ийм, асуудлаа хурдан шийдэхгүй, хойшлуулаад яваад л байвал эцэст нь бид юу ч үгүй хоосон зайтай болоод үлдэж байгаа юм. Хиймэл шүд, имплант зэргээр шүдийг нэг аргалаад явах л байх, гэхдээ амьдралыг бол аргалаж болохгүй юм. Хэзээ ч нөхөгдөхгүй хоосон зай үүснэ.